: 2015-06-27 : 1387
Дэлхийн хүн төрөлхтөн байгаль экологид хор нөлөө багатай эрчим хүч гаргаж авах тал дээр улам их анхаарах боллоо. Үүний нэг тод жишээ нь 2014 оны 2 сарын 13-аас ажиллаж эхэлсэн АНУ-н Mojave цөлд байгуулагдсан Ivanpah нарны цахилгаан станц юм.
Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцад тооцогдож байгаа энэ байгууламж нь ойролцоогоор 3500 акр буюу 14.2 км хавтгай дөрвөлжин талбайг эзлэх асар том байгууламж юм. Талбайн төв хэсгүүдэд 3 газарт байрлуулсан 140 м өндөр цамхагийг нийт 300 000 гаруй тооны програмын удирдлагатай нар дагах систем бүхий толиор хүрээлүүлсэн байна.
Эдгээр тольнууд нь цамхагийн дээр байрлах ус халаагчийг нарны гэрлээр халаахад зориулагдсан юм.
Нарны гэрэлд халсан ус асар их хэмжээний уурыг үүсгэх ба энэ уурын даралтаар жилдээ 392 МВт цахилгаан эрчим хүчийг гарган авах юм байна. Эндээс гарган авсан эрчим хүчээр АНУ-н Калифорн мужийн 140 000 гаруй өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах ба энэ нь АНУ-н нарны эрчим хүчнээс гарган авч байгаа нийт цахилгаан эрчим хүчний 30%-г дангаараа хангана гэсэн тооцоо байна.
Цэвэр эрчим хүчний энэ цахилгаан станц нь жилдээ 400 000 тонн нүүрс хүчлийн давхар исэл болон бусад хорт хаягдал агаарт цацагдахаас сэргийлж байгаа нь зам дээр асаалттай зогсож байгаа 70 000 автомашины ялгаруулах хорт хийн ялгарлыг бууруулсантай тэнцэнэ гэж үнэлсэн байдаг. Мөн энэ нарны цахилгаан станцад хэрэглэж буй технологи нь өмнөх нарны цахилгаан станцуудаас 95%-р бага ус хэрэглэнэ гэдгээрээ ч бас байгальд ээлтэй болжээ.